Boris

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон танхимдаа шинэчлэл хийж, сайдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон танхимдаа шинэчлэл хийж, нэг сайдаа өөрчиллөө. Тэрбээр Брекситийн хуулийн төслөө долоо хоногийн сүүлд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Өмнө мэдэгдсэнчлэн Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт танхимдаа сэлгээ хийж, Вельсийн сайд А́лан Кэрнсийн оронд Саймон Хартыг томиллоо. Саймон Хартын хувьд өмнө нь Борис Жонсоны Засгийн газарт орлогч сайдын алба хашиж байсан улс төрч юм.

Одоо Ерөнхий сайд Борис Жонсон Британийг Европын холбоонооос гаргах хуулийн төслөө энэ баасан гарагт хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ хуулийн төсөлд Нэгдсэн вант улсыг Европын холбооноос ирэх нэгдүгээр сарын 31 гэхэд гаргах боломжтой болгох юм.

Мөн танхимын тэргүүн парламентад шинээр орж байгаагаа зарлахаар бэлтгэж буй юм байна. Эрх баригч Консерватив намаас шинээр гишүүн болж буй нийт 109 хүн байгаагаас дийлэнх нь сөрөг хүчнийхний эзэлж байсан тойргуудад ялалт байгуулсан юм. Даваа гарагт шинэ парламент хуралдсан бол мягмар гарагт шинэ спийкер буюу даргаа сонгоно.

Үүнээс гадна Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай даваа гарагт утсаар ярьсан байна. Энэ үеэр талууд чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцжээ.

Энэ зуурт сөрөг хүчний Хөдөлмөрийн нам шинэ оны эхэнд хуралдан намын дарга Жереми Корбиныг чөлөөлөх хугацааг товлох гэж байна. Энэ тухай Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Женни Формби “Ноён Корбин энэ үйл явцыг хурдан эхлүүлэхийг хүсч байгаа” гээд түүний орны хүнийг гуравдугаар сарын сүүлч гэхэд томилно гэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих