Нийслэл хотыг ногоон байгууламжтай болгох төлөвлөгөө батлагдлаа

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г өнөөдөр /2019-12-20/ нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарч байгаа аж. Хотын хөгжилд олон салбарыг хамруулсан нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарыг хамарсан бөгөөд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөсөн байна.

Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулгадаа “Агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтийг хийж тэдгээрээс агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд нь байгальд түшиглэсэн арга барилд суурилсанаараа онцлогтой юм. Иргэдийн ая тухай амарч зугаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах ажлууд ч орхигдоогүй. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, “Туул” усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ” гэлээ. Мөн энэхүү төсөл хөтөлбөрөөр нийт 14 үйл ажиллагаа 42 арга хэмжээг зохион байгуулах талаар дурдлаа.

“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд “Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт” бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж хэлээд тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих