Монгол орны байгалийн сонин хачин ЦУВРАЛ 2

Монгол орны хамгийн том мөсөн гол: Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км байдаг аж.

 

Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

 

Монгол орны хамгийн том тал: Нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор байдаг юм шүү..

 

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унадаг бол Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар нь Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45 мм тунадас унадаг байна.

 

Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70 хувь гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч “Агаарын ариухан нь хөдөө юм аа хө” гэж дуунд дуулагдах болсон биз ээ.

 

Монгол нутгийн тулгын гурван чулуу: Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадаржаалин, Амарбаясгалант, Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ийн зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг байжээ.

 

Гурван зуун богд: Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил далайн түвшнөөс дээш 4374 м өндөр өргөгдсөн.

 

 

Анхны дархан цаазтай уул: Улаанбаатар хотын дэргэд орших Богдхан уул Монголын төдийгүй дэлхийн хамгийн ууган дархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруй жилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийн үеэс Дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, ан хийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт хан Юндэндоржийн санаачилгаар 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж, 28 амыг нь тусгай харуултай болгожээ.

 

Шөнө урсч, өдөр татардаг гол: Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсч, өдөр нь татарч хуурайшдаг байна. Уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг. Өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.

 

Далан гурав дахин гатлуулдаг горхи: Ховд аймгийн Манхан сумын нутаг “Ботгон хавцал”-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг. Хавцлаар зорчигсод уг горхийг 73 дахин гаталдаг гэнэ.

 

Байгалийн “Элгэн тараг”: Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг гэнэ. Түүнээс уусан идсэн хүний бие чийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих