“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулав.
Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.
Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй.
Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.
Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.