Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл /2019-12-24/ хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийхээр боллоо. Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авсан” гэлээ.