БНАУ-ын иргэн Яньян Жоу, Чуан Жянь хэмээх хоёр залуу АНУ-ын Орегоны их сургуулийн оюутнууд юм. Тэд Хонг Конгоос олон тооны хуурамч “iPhone” оруулж ирээд “Apple” компани руу нэг нэгээр илгээн гомдол гаргадаг байжээ. Тэд шинээр худалдаж авсан утас нь асахгүй байгааг хэлж, оронд нь цоо шинэ утасаар сольж авдаг байжээ.
Ингэж хуурамч утсаа жинхэнэ утсаар сольсон залуус буцааж Хятад руу явуулаад зах зээлийн үнээр заруулж, ихээхэн ашиг олж байжээ. 2017 оноос эхэлсэн ажиллагааны үр дүнд тэд нийт $895,800-г олсон байна.
Тэдний очиж үйлчлүүлдэг “Apple” компанийн салбар хуурамч утсыг сайтар шалгаж авдаггүй нь тэдний бизнес цэцэглэх давуу тал болжээ. Гэхдээ луйврын бүх оролдлого амжилттай болоогүй байна. Хятад оюутнууд нийт 3,069 хуурамч iPhone-ийг солих оролдлого хийснээс 1,493-ыг нь амжилттай солиулжээ.
Эцэстээ “Apple” компани хоёр хүнээс энэ олон гомдол ирээд байгааг мэдээд сольж өгөхөө больж, тэднийг нэгэн удаа дуудж баривчилсан байна.