ulaan-burhan-owchin

Өнгөрсөн онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ

2018 онд Дэлхийн дахины хэмжээнд 140 000 гаруй хүн улаан бурхан өвчний улмаас амиа алдсан байна. Энэ өвчинд бага насны хүүхдүүд ихээр өртөж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлжээ.

2017 оныхтой харьцуулахад өнгөрсөн жил дэлхий дахины хэмжээнд улаан бурхан өвчний улмаас амиа алдсан иргэдийн тоо харьцангуй өндөр гарчээ. 2017 онд улаан бурхантай холбоотой өвчний улмаас 110 000 хүн амиа алдсан бол 2018 онд энэ тоо 140 000-г даваад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улаан бурхны хохирогчдын ихэнх нь бага насны хүүхдүүд, тэр дундаа 5-аас доош насны хүүхдүүд байгааг анхааруулжээ.

Пүрэв гарагт олон нийтэд ил болсон тайлан мэдээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхий дахины хэмжээнд улаан бурхан өвчнөөр амиа алдах тохиолдол буурсан эерэг үр дүн гарч байгаа ч энэ өвчний эсрэг тэмцлийг улам үр дүнд хүргэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг онцолжээ.

Мөн мэргэжлийн байгууллагуудын зүгээс улаан бурхнаас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах хамгийн сайн арга бол вакцинжуулалтад хамрагдах гэдгийг анхааруулсан байна. Тус тайлан мэдээнд вакцинжуулалтын ачаар 2000-2018 оны хооронд 23 сая хүнийг улаан бурханд өртөхөөс сэргийлж чадсан гэх тооцоог гаргажээ. 2000 онд улаан бурхан өвчинд өртөж, 535 600 хүн амиа алдсан гэж үздэг бол сүүлийн жилүүдэд буураад байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих