Японы сансар судлалын “Hayabusa-2” тандалтын төхөөрөмж Рюгү бага гарагийн гадаргууд тогоо үүсгэж, дотоод хэсгийг судлахаар төлөвлөж байна.
Энэхүү төхөөрөмжийг Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ мэргэжилтнүүд 2014 оны сүүлчээр дэлхийгээс 340 сая километр орчим зайд оршдог Рюгү бага гараг руу илгээж байсан юм. “JAXA”-ын мэдээлснээр, бага гараг дээр тогоо үүсгэн дотоод хэсгийг судлах анхны оролдлого энэ болох ажээ.
“Hayabusa-2” Рюгү гарагаас 20 мянган метр зайд холдох ажиллагааг пүрэв гарагт эхлүүлж, баасан гарагт “Small Carry-on Impactor” нэртэй төхөөрөмжийг 500 орчим метрийн зайнаас шидэх юм. Уг төхөөрөмж нь 40 минутын дараа дэлбэрэх зориулалттай ба бага гарагийн гадаргуу руу 7000 километр цагийн хурдтайгаар металл биетийг шидэх аж.
Энэхүү 40 минутын хугацаанд металл болон чулууны хэлтэрхийд өртөн эвдрэхээс зайлсхийх зорилгоор “Hayabusa-2” бага гарагийн нөгөө талд очих гэнэ.
Рюгү бага гарагаас чулуулгийн дээж цуглуулахаар хөөрсөн “Hayabusa-2” төхөөрөмж өнгөрсөн хоёрдугаар сард уг гараг дээр амжилттай газардсан билээ.