Ухаантай хүн л уучлалт гуйдаг

Чамаас болж хүн хохирч, чамаас болж хүн уйлж, чамаас болж хүн зовж байхад чи түүнийг тоохгүй байна гэдэг нь харгис явдал юм. Таны зүрх царцаж байна гэж ойлго. Таны гарцаагүй зөв эсэхийг дахин нягталж үз. Тэр хүний оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Үнэхээр таны зөв байгаад уучлалт гуйх нь бусдын муу занг дэмжсэн болох гээд байж ч магадгүй. Хэрэв тийм бол хурц байдал намжсаны дараа. 100 хувь ялах гэж улайран зүтгэх шаардлага байна уу? 10 хувийн буулт хийгээд ухаарч нэг алхахад та юу ч алдахгүй. Өөртөө итгэлтэй бардам байх гэж хичээж байгаа бол сайн дураараа тэнэгээ зарлаж байгаа хэрэг. Ухаантай хүн нь уучлалт гуйдаг юм шүү.

 

Аз жаргал аз жаргалын орчинд л цэцэглэдэг

 

Та аз жаргалын цэцгийг ургуулахыг хүсч байгаа бол аз жаргалын орчинг л бүрдүүлэх хэрэгтэй. Аз жаргалын орчин гэж чухам юу бол? Зөв зүйтэй эерэг сайхан санаа сэдлийн үрийг, баяр талархлын яруу гоёмсог үгсийн хөрсөнд суулгаад, халамж хайрын ач тусын усаар услахын нэр юм. Бусдаас эерэгийг, зөв зүйтээг, болж бүтэж байгааг, инээдийг, хайрыг олж харвал хамгийн шим тустай зүйлээр цэцгээ бордож байгаа хэрэг. Аз жаргалыг хүсч байгаа бол та аз жаргалд л бэлд. Зовлонд бэлдээд аз жаргалыг хүлээн суух чинь тосыг хүсээд усыг бүлсэнтэй ялгаагүй хэрэг. Зовлонд бэлдэнэ гэж юу вэ? Сувдаг шунахай сэтгэл, мунхаг буруу бодол, уур уцаар, худал хуурмаг үгс болон бусдад хор хөнөөлтэй үйлдэл юм. Аз жаргалын цэцэг аз жаргалын орчинд л цэцэглэдэг. Хайрын шувуухай хайрын орчинд л нисдэг юм.

 

 

Хайрлаж эхэл

Энэ хорвоо дэлхий хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа бол хэмээн ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн гансарч, үнэт цагаа үрэгч нар олширчээ. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Хайрлуулах гэж хүлээлгүй зүгээр л чи өөрөө хайрлаад эхэл. Өгч эхэл. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод байгальд бүгдэд нь хайраа түгээ. Өгсний хэрээр ирдэг жамтай. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй. Чи өөрөө хайрыг түгээхгүй өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Би хангалттай хайрласан гэж бодож байгаа бол эндүүрэл. Бүр хоёр дахин илүү хайрла. Чи хайраар дутаж байгаа бол бусдыг хайрлахаа дутааснаас л болсон хэрэг. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхэл.

 

 

Зовсны эцэст жаргадаг, жаргалын хаалгыг зовлонгийн түлхүүрээр онгойлгодог юм шүү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих