БНХАУ-д интернетийн “5G” технологи ашиглаж, тархины мэс заслыг эмч нь 3000 км-ын алсаас удирдаж хийсэн байна. Бямба гарагт болсон мэс заслаар доктор Линн Зипей гэдэг эмч алсаас өвчтөний тархинд мэдрэл сэргээгч суулгажээ.
Энэ тухай Хятадын төрийн хэвлэлд бичсэнийг хэвлэлүүд уламжилж байна. Тодруулбал, Бээжинд төвтэй Хятадын ардын чөлөөлөх армийн эмнэлэгт болсон тархины мэс заслыг 3000 км-ийн алсад байдаг Хайнань арлын нэгэн салбар эмнэлгээс нь эмч интернетээр удирдан хийсэн байна. Гурван цаг орчим үргэлжилсэн мэс засал амжилттай дуусч, туршилтын энэ ажлын дараа паркинсоны өвчнөөр шаналж байсан өвчтөн бие нь сайн байгаа тухай мэс заслын дараа хэвлэлд ярьсан байна.
Энд мэдээлснээр эмч нар Хятадын технологийн тэргүүлэгч “Хуавей” компанийн 5G технологи буюу интернетийн 5 дахь үеийн сүлжээнд холбогдон хагалгаа хийжээ. Одоо ашиглаж байгаа интернет сүлжээний дараагийн үеийн шинэ төхөөрөмжийг ойрын үед холбоход бэлэн болжээ гэж доктор Линн ярьсан байна.
Одоо бидний хэрэглэж байгаа 4G технологи дүрсний хоцрогдол үүсгэдэг тул алсын зайны мэс засалд ашиглах боломж хомс байдаг тухай мэдээлэл байна. Дэлхийн олон эрүүл мэндийн байгууллага, Америкийн “Да Винчи” гэдэг робот теле мэс заслын системийг ашиглан олон удаа мэс засал хийх туршилт хийж байсан ч энэ технологи нь гүйцэтгэлийн нэг бус асуудлаасаа болж үр дүнтэй болж чадаагүй байна гэж Оросын хэвлэлд бичсэн байна.
Үнэндээ энэ удаагийн мэс засал 5G технологийг ашигласан анхны мэс засал биш, өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт Хятадын Шэньжэнь хотын нэгэн эмнэлэгт элэгний мэс заслыг ийм технологиор Бээжингээс удирдаж хийсэн байна.