mongol_bank_eco_alt_hotolbor

Монголбанкин дахь алтны арилжааны нийт дүн 20 тоннд хүрчээ

~Монголбанкин дахь алтны арилжааны нийт дүн 20 тоннд хүрчээ~

Монголбанк алт худалдан авах 3 сарын аяныг өрнүүлсэн. Аяны хэрэгжилтийн дүнд түүхэндээ анх удаа 2017 онд Монголбанкин дахь алтны арилжааны нийт дүн 20 тоннд хүрчээ.

Ийнхүү өндөр амжилт гарсан учраас алт худалдан авалтын аяныг “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” нэрэн дор дахин 5 сарын хугацаатай өрнүүлэхээр болжээ.

Аяны хүрээнд Монголбанкинд алт худалдан авагчид болон төрийн байгууллага хооронд хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлгийг нээн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Банкныхны зүгээс алтыг онцгой бүтээгдэхүүн гэж үздэг. Улс орон бүрт алтны валютын нөөц гэж бий. Энэхүү “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аяныг хэрэгжүүлснээр нэгт, Монголд олборлосон алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг хянаснаар хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Хоёрт, гадаад валютын нөөц нэмэгдэх юм.

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд хөл дээрээ босох гэх мэт олон ач холбогдолтой юм.

Аяны хүрээнд:

Баянхонгор, Дархан-Уул аймгуудад хоёр салбар сорьцын лаборатори нээх
Олон нийтэд алтыг хэрхэн Монголбанкинд сорьцлуулан тушаах талаар мэдлэг, мэдээлэл олгох
Алтны гарал үүслийг тодорхой байлгах
Монголбанкны веб сайтад иргэн, аж ахуйн нэгж арилжаалах алтны үнээ тооцоолон гаргах аппликейшн байршуулах
Алтыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйл ажиллагааг хянах, таслан зогсоох
Монголбанкин дээрх алтны тухай мэдээ, мэдээллийг олон нийтэд нээллтэй болгох
“Эко алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг тусгаад байна.

Индонезэд гэхэд 1 унц буюу 28.3 грамм алтыг олборлоход 20 тонн хаягдал бүтээгдэхүүн гаргаж байна. Ийм учраас сүүлийн үед дэлхийн улс орнууд экологийн цэвэр буюу аль болох хаягдал багатай алтыг авах болжээ. Мэдээж зах зээлийн алтны үнээс харьцангуй өндөр үнэтэй гэж Б.Лхагвасүрэн онцоллоо.

УУХҮЯ-ны мэргэжилтэн Мөнхцэнгэл:

Алт худалдан авах 3 сарын аяны хэрэгжилтийн үр дүнд 2017 онд 10 аж ахуйн нэгжид 31.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож Төв, Зүүн бүсүүдэд алтны бүлэгчилсэн судалгаа хийгдсэн. Үүний үр дүнд хэтийн төлөв сайн талбайг илрүүлж, улмаар ашиглах боломжтой болно гэж бид төлөвлөж байна.

“Голомт” банкны алтны диллер Г.Мөнх-эрдэнэ “Азид алт олборлолтоороо эхний 5-д жагсдаг ч 20 жилийн дараа бид алтны хоёрдогч зах зээлээ хөгжүүлээгүй энэ хэвээр байх юм бол түүхэндээ их хэмжээний алт олборлодог байсан улс л болж үлдэнэ” гэж тодотгон алтны хоёрдогч зах зээлийн тухай танилцуулав.

Алтыг иргэд,аж ахуйн нэгжүүдээс банкууд аваад Монголбанкиндаа, Монголбанк олон улсад экспортлох биш,тухайн банк нь дурын иргэнд зарах боломжтой байх, иргэд ашгаа олсон үедээ банкиндаа буцаан зарах гэх мэтчилэнгээр иргэд алтны зах зээлд оролцохыг алтны хоёр дах зах зээл гэж нэрлэж байгаа аж. Ингэснээр Монголын алтыг Монголдоо үлдээх боломжтой болж байгаа юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих