~Эрдэнэт хот хүүхдийн паркийнхаа тоглоомыг шалгаж байна!~
Сүүлийн үед хүүхдийн тоглоомын аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гарч, нийгмийг цочроогоод буй.
Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Эрдэнэт хотын хүүхдийн паркийн зарим тоглоомыг ашиглахыг хоригложээ. Учир нь тус паркийн тоглоомууд хуучирч, муудсан бөгөөд зарим нь цуурсан, эвдэрсэн байна.
Тухайлбал, “Сюрприз” тоглоомын дамжуулгын ременийг солих, хамгаалалтын торыг бэхлэх, “12 жил” тоглоомын гол төмөр цуурсан, “Эргэдэг гинж” тоглоомын сандалны тавцан хагарч, цуурсныг засах үүрэг, даалгавар өгчээ.
Мөн “Морин тойруулга” тоглоомын эргэлт дамжуулах ремень язарч тасрах аюултай болсон, “Алсыг харагч” тоглоомын туслах дамарын гол төмөр нь гажиж гулзайсан, шилжүүлэн буулгах болон аврах ажиллагааны төлөвлөгөө байхгүй зэрэг олон зөрчил илэрчээ.
Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, улмаар хүүхдийн паркийн үйл ажилллагааг түр зогсоосон байна.