Японы төдийгүй дэлхийн хамгийн том банкуудын нэгт тооцогддог Mitsubishi UFJ Financial Group (MUFG) нь албан ёсоор мэдэгдэл хийж, блокчейн технологид суурилсан төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээ зарлалаа.
Дэлхийн 5 дахь том банк нь уг төсөл дээрээ АНУ-ын контент хүргэлтийн сүлжээний Akamai-тай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний урьдчилан мэдэгдэж байгаагаар энэхүү платформ нь 2020 оны эхний хагаст нэвтрэх гэнэ.
Одоогоор блокчейнд суурилсан төлбөр тооцооны уг системийн нэр нь “Global Open Network” хэмээн яригдаж байна. Төслийг хэрэгжүүлснээр MUFG банк нь төлбөр тооцооны салбар дахь өөрсдийн байр суурийг блокчейныг ашиглан бэхжүүлэх бодолтой ажээ.
Дашрамд хэлэхэд Японы MUFG банк нь сүүлийн саруудад блокчейн технологитой холбоо бүхий хэд хэдэн төслүүд дээр хамтран ажиллаад байна. Тэдний нэг нь 2019 ондоо багтаад өөрийн гэсэн криптовалюттай болох MUFG-ын төлөвлөгөөг нэрлэж болно.