“La Voiture Noire” буюу “Хар хөлөг”
Францын “Bugatti” компани 110 жилийн ойгоо тохиолдуулан 12.5 сая ам.долларын үнэтэй шинэ загвараа танилцууллаа. “La Voiture Noire” буюу “Хар хөлөг” нэртэй энэхүү автомашиныг бүх цаг үеийн хамгийн үнэтэй шинэ автомашин гэж тодотгож байна.
Өөрөөр хэлбэл “Tesla”-ийн “Model 3” загварын цахилгаан автомашинаас 300 ширхгийг авах мөнгөтэй тэнцэх хэмжээний үнэтэй автомашин гэсэн үг юм. 16 цилиндртэй хөдөлгүүртэй, ар талдаа моторын зургаан яндантай шинэ “Bugatti”-ийг “Volkeswagen”-ийн Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн даргын албан тушаал хашиж байсан Фердинанд Пиеч худалдаж авсан гэж зарим эх сурвалж мэдээлээд байна.
“Lagonda All-Terrain”
Женевийн олон улсын автомашины үзэсгэлэнд одоогоос жилийн өмнө “Aston Martin” компани “Lagonda Limousine” загвараа танилцуулж үзэгчдийг гайхшруулж байсан бол энэ жилийн үзэсгэлэнд тус компани “Lagonda All-Terrain” цахилгаан автомашины загвараа танилцууллаа.
“Lagonda All-Terrain” загвар нь хэмжээний хувьд галт тэрэгний жижиг вагонтой ижил хэмжээтэй бөгөөд ухаалаг автомашинуудаас урт хаалгатай юм байна. Түүнчлэн Швейцарын амины орон сууцнаас илүү сайхнаар тоноглогдсон “Lagonda All-Terrain” нь дэлхийн анхны хорт хий ялгаруулдаггүй автомашины брэндийн эхлэлийг тавьж байгаа аж.