“Apple”, “Qualcomm” компаниудын хоёр жил үргэлжилсэн патентын маргаан өндөрлөсөн тухай мэдээ дэлхийн технологийн салбарын анхаарлын төвд байна.
Тэд асуудлаа шүүхээс гадуур шийдэж, харилцан ашигтай ажиллахаар болжээ. Үр дүнд нь “Apple” компани “Qualcomm”д тодорхой хэмжээний төлбөр төлөхөөс гадна патентыг нь эзэмших зургаан жилийн гэрээ байгуулахаар болсон байна. Гэрээний хугацаа цааш сунгагдах боломжтой гэнэ.
Мөн “Qualcomm” компани бүтээгдэхүүнээ “Apple”-д олон жилийн хугацаанд нийлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл “Qualcomm”-ийн модемыг “Apple” компани “iPhone” гар утсандаа ашиглахаар болжээ.
Хоёр компани тохиролцоонд хүрсэн мэдээлэл гарснаас хэдхэн цагийн дараа “Intel” компани мэдэгдэл гаргажээ. Тус компани гар утасны “5G” модемны зах зээлийг орхиж, зөвхөн PC, смарт төхөөрөмжүүдийн “4G”, “5G” модемнуудыг үйлдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулахаар болсон байна.
Маргаанаа дуусгахын тулд “Apple” хэр хэмжээний мөнгө “Qualcomm”-д төлснийг талууд нууцалж байгаа юм. Ямартай ч “5G” технологид дэлхий нийтээр шилжих хариуцлагатай цаг үед “Qualcomm” зах зээлд байр сууриа бэхжүүлэх том алхам хийжээ.