Тэртээ 1977 онд дэлхийн технологийн ирээдүйг зөгнөсөн алдарт цуврал болох “Оддын дайн”-ы эхний анги гарч байжээ. Од, гариг хооронд сансрын хөлгөөр аялж, лазер сумаар байлддаг тэр зөгнөл өдгөө биеллээ олж эхэлжээ.
АНУ-ын агаарын хүчин лазер сумаар нисэж яваа хэд хэдэн пуужинг амжилттай устгасан туршилтаа танилцуулжээ. Туршилтыг өнгөрсөн сард Нью Мексико муж дахь байлдааны сургуулилалтын талбайд АНУ-ын агаарын хүчний судалгааны лаборатори зохион байгуулжээ. “SHiELD” (Self-Protect High Energy Laser Demonstrator) нэртэй уг зэвсгийг газраас ажиллуулж, хэд хэдэн пуужинг устгасан байна.
Ирээдүйд “SHiELD”-ийг нисэх онгоцонд суурилуулж, өөдөөс харвасан газар-агаар, агаар-агаар ангиллын пуужингуудыг устгах чадалтай болгох юм. АНУ-ын агаарын хүчний лаборатори лазерын зэвсэгтэй болохоор 2016 оноос хойш ажиллаж байгаа.
Нисэх онгоцонд лазер зэвсгийг суурилуулах туршилт явуулж эхэлсэн бөгөөд 2021 онд туршихаар төлөвлөжээ.
Төсөөлөл мэт байсан зүйлс биелэлээ олж, зөгнөлт хэмээн тооцогдож байсан кинонууд бодит амьдралд хэрэгжих нь ээ.