“Авьяаслаг Австраличууд” шоу өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тус шоунд оролцож буй монгол залуу Б.Баттулга монгол хүний хүч чадал, эр бярыг гайхуулсан үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатандаа шалгарчээ.
АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ.
Түүний үзүүлбэрийг шүүж буй шоуны шүүгч, дуучин Николь Шерзингер “Би өөрийгөө байж болох бүхий л гайхалтай үзүүлбэрийг үзсэн гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Би анх удаа ийм “морин тойруулга” үзэж байна. Чамд “Тийм” гэсэн үнэлгээг би эргэлзэх зүйлгүй өгнө” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг хүсч байна хэмээн ярьсаар орж ирсэн Б.Баттулга дөрвөн шүүгчийн 100 хувийн саналаар дараагийн шатанд шалгарлаа.