Далайд гарцгүй ч давуу тал, боломжуудаа ашиглан далайг давж үйл ажиллагаа явуулж буй улс орнууд бий. Казахстан гэхэд БНХАУ-д хэд хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байгаа бол Лаос улс Тайландын далайн боомтуудыг ашиглан мөн л амжилттай урагшилж байна. Манай тухайд Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр 2013 онд гарсан.
Тэгвэл ийм шийдвэр гарснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас анхаарал татсан шийдвэр гаргалаа. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулах шийдвэр ямартай ч гарав.
Гуравдагч хөршөөс алслагдмал, хоёр том гүрний дунд байрладаг манай улсад тулгамдсан асуудал олон бий. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, экспортын төрөлжилттэй зэрэгцэн яригддаг сэдэв бол далайд гарах гарцыг хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал байсаар өдийг хүрч байна. Манай тухайд энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бий.
Гэхдээ ажил хэрэг болгохын тулд хөрш орнуудаасаа хамаарахаас гадна улс төрийн түвшинд тохиролцлоо гэхэд дараа нь гэрийн даалгавраа хийх ёстой гэдгийг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр хэлж байсан юм. Тодруулбал, оролцогч байгууллагууд болох төр, хувийн хэвшлийн компаниудтай, ложистик, экспортлогч, МҮХАҮТ-тай хамтраад хийх ажлууд юу байна вэ гэдгээ нарийн тодорхой харах ёстой гэж буй юм.
Тэгвэл улс төрийн хүрээнд тохиролцсон тул урагшлах ёстой нэг шийдвэр нь дээрх Тяньжин хотын Дунзян боомт дахь 10 га газрыг үр өгөөжтэй ашиглах явдал юм. 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд Хятадтай хамтран ашиглах боломжтой уг газарт тээвэр ложистикийн төв барих төсөл яригдаж өдийг хүрсэн.
~Монгол Улс Дунзян боомтын 10 га газрыг ашиглаж магадгүй~
Манай улсын экспорт, импортын ачаа эргэлтийн 80 орчим хувь нь Тяньжин дахь боомтоор дамжин тээвэрлэгддэг. Далайн боомтод түшиглэсэн тээвэр, ложистикийн төв байгуулснаар ачаа эргэлтийн хугацаа, зардлыг бууруулах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй орчинд үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн гуравдагч оронд экспортлох боломжтой болно гэж тооцож буй. Тээвэр ложистикийн төв нь Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнийг агуулах, задгай талбайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх, талбай түрээслэх зэрэг тээвэр зууч ложистикийн үйлчилгээг үзүүлэх аж.
Тээвэр ложистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 2017 оны зургадугаар сараас эхэлнэ гэж цаасан дээр бичигдэж байсан ч хоёр улсын хамтарсан компани байгуулах шийдвэрийг 2019 оны дөрөвдүгээр сард л сая нэг гаргаж байгааг тодотгох хэрэгтэй. 124.362 сая ам.доллар шаардлагатай уг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Тяньжин порт” групп, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран хэрэгжүүлнэ гэх мэдээлэл бий. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн гацдаг жишгээр өдийг хүрсэн. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Монголын төмөр зам” ТӨХК-аас оруулах хөрөнгийг шийдүүлэх ажил мөн л 2017 оны зургадугаар сар гэхэд шийдэгдсэн байх ёстой байв.
~Монгол, Хятадын хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэв~
“Тяньжин порт групп” ХХК-тай “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах ажил 2017 оны зургадугаар сарын 9 гэхэд шийдэгдсэн байх ёстой байсан. Тэгээд 2018 онд буюу өнгөрсөн жил Тээвэр ложистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил эхлэх байсан ч, хойшилсон.
Гэхдээ яриа хэлэлцээрийн түвшинд уулзалтууд болж байсан. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл БНХАУ-ын “Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Тэд Тяньжины тээвэр ложистикийн төв төслийн асуудлаар ярилцсан байна лээ. Үүнээс дөрвөн сарын дараа буюу 2018 оны аравдугаар сард Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж, Төрийн ордонд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг хоёр тал баталгаажуулсан юм.
Тэгвэл үүнээс зургаан сарын дараа Засгийн газраас Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын компанитай хамтран байгуулах шийдвэрийг гаргаад байна.