Японы засгийн газрын төлөөлөгч тавдугаар сарын 1-нээс эхлэх шинэ эзэн хаан Нарухитогийн эриний нэрийг зарласан билээ. Сарын дараа эхлэх эринийг “Рэйва” гэж нэрлэхээр болсон юм.
Үүний дараа Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эриний нэрийн утга учрыг ард олондоо тайлбарлажээ. “Рэйва” нь долдугаар зууны шүлэг, яруу найргийн эмхэтгэл “Манёшу”-гаас авсан нэр юм байна. Энэ нь хүмүүс харилцан бие биеэ найрсгаар хайрлаж, хүндэлж, зэрэгцэн амьдрах үед аливаа соёл иргэншил бий болж, хөгждөг гэсэн утгатай үг болохыг Абэ тайлбарлажээ.
Тэрээр ирж байгаа шинэ эринд ард иргэдээ дэг журам, эвсэл найрсалтай амьдарцгаахыг бэлгэдэж уг нэрийг сонгосон гэсэн байна. “Манёшу” нь Японы хамгийн эртний яруу найргийн эмхэтгэлд тооцогддог ажээ.
Одоогийн эзэн хаан Акихитогийн эрин “Хэйсэй” нь 1989 онд эхэлсэн бөгөөд “энх амгалан тогтсон” гэсэн утгатай юм байна. Акихитогийн эцэг Хирохито нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хаан байсан тул түүний дараах эринийг дайн дажингүй, энх амгалан байхыг бэлгэдэж ийм нэр өгсөн ажээ. Хирохитогийн эринийг “Шова” гэж нэрлэдэг байсан нь “Японы мандан бадрал”-ыг бэлгэдсэн үг юм.
Үнэхээр түүний эринд (1926-1989) Япон улс цэрэг армийн хүчирхэг гүрэн болж, Ази тивийг эзлэн түрэмгийлэх дайн хийж байв. Дайны дараа ч Япон улс эдийн засгийн хувьд сэргэн мандсан билээ.