АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд үхээд дөрвөн цаг болсон гахайн тархийг “амьдруулж” чаджээ. Энэ амжилтынхаа талаар тэд “Nature” сэтгүүлд ярьсан байна. Тэд тархины эсийн үхжилтийг зогсоож, цусан хангамжийг сэргээж чадсан бөгөөд ингэснээр ноцтой гэмтэл авсан тархийг сэргээх аргыг боловсруулах боломжтой болж байгаа аж.
Энэ туршилт хэдийгээр үхэл, амьдралын зааг хаана байх талаар маргаан дэгдээж магадгүй ч, Альцхеймерын өвчин болон тархины бусад гэмтлийг судалж, цаашлаад эмчлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Эрдэмтэд нядалгааны газраас 32 гахай авч, туршилтад ашигласан байна. Амьтад үхээд дөрвөн цаг болсны дараа эдгээрийн тархийг тусгай системд залгасан байна. Эл систем нь тархийг хиймэл цусаар хангаж, эсийг хүчил төрөгчөөр баяжуулан, тархийг үхжихээс хамгаалсан бэлдмэлээр хангажээ. Зургаан цагийн туршид ийм байдалд байсан тархины эсийн үхжих явц удааширсан төдийгүй судасны үйл ажиллагаа сэргэж, зарим хэсэгт бүр идэвхэжсэн байна. Эрдэмтэд мөн тархины мэдээлэл дамжуулах холбоосны үйл ажиллагаа хадгалагдсан байсныг тогтоожээ.
Туршилтын явцад тархи амьд гахайд шаардлагатай хэмжээний хүчил төрөгчийг хэрэглэж, эм, бэлдмэл хариу үйлдэл үзүүлж байжээ.
Тархины эсийн үхжилт бидний бодож байснаас арай удаан хугацаанд явагддаг болохыг энэхүү туршилт харууллаа гэж эрдэмтэд ярьжээ. Тиймээс энэ явцыг удаашруулж, зарим хэсэгт тархины эсийг сэргээх боломжтой аж. Энэ туршилт ялангуяа Альцхеймер өвчнийг судлахад чухал ач холбогдолтой гэнэ.
Судалгааны энэ чиглэл үхсэн тархийг судлах, цусан хангамж нь зогссон тархийг сэргээх цоо шинэ аргачлалыг боловсруулах судалгааг эрчимжүүлэхэд түлхэц болно гэж тэд мөн үзэж байна.