Japan

72 настай Японы Ерөнхий сайд “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэв

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг Токио хотын эмнэлэгт өнөөдөр хийлгэлээ. Тэрбээр вакцин аюулгүй болохыг олон нийтэд батлан харуулахын тулд камерын дурангуудын өмнө тариулжээ.

Ирэх сард АНУ-д хийх айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд вакцин хийлгэж буй С.Ёшихидэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзах гадаадын орны анхны удирдагч болох юм.

Японд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байгаа бөгөөд хүн амын бусад хэсэг нь вакцин хийлгэх ээлжээ хүлээж байна.

Өдгөө 72 настай С.Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт товлохоосоо өмнө ирэх дөрөвдүгээр сарын дундуур буюу 65-аас дээш насныхныг вакцинжуулж эхлэх үед вакцин хийлгэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дотор буюу Вашингтоныг зорихоосоо өмнө хийлгэнэ.

Японы Ерөнхий сайд ард иргэдийнхээ вакцинд итгэлийг нэмэгдүүлэхийн тулд вакцин хийлгэсэн гадаадын орнуудын удирдагчдын жишгийг даган ийнхүү камерын дурангуудын өмнө вакцин хийлгэлээ. Өдгөө 78 настай Ж.Байдены хувьд өнгөрсөн 12 дугаар сард буюу тангараг өргөхөөсөө өмнө вакцин хийлгэсэн юм.

Харин олон нийтийн вакцинд үл итгэх байдал нь Японы вакцинжуулалтын хөтөлбөрт саад учруулж болзошгүй байна. Тодруулбал, “Kyodo” агентлагаас өнгөрсөн сард явуулсан санал асуулгад оролцогчдын 63.1 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 27.4 хувь нь хийлгэхгүй гэж хариулжээ.

С.Ёшихидэ Японы 126 сая хүн амыг дархлаажуулахад хүрэлцэх “COVID-19”-ийн вакциныг энэ оны эхний хагаст нийлүүлэн авах амлалт өгсөн боловч үйлдвэрлэлийн хоцрогдол, Европын Холбооны экспортын хяналт зэргээс үүдэн хүндрэл учирч болзошгүй байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих