Монгол орны байгалийн сонин хачин ЦУВРАЛ 1

Нэг хүнд хамгийн том талбай: Монголын өргөн уудам газар нутаг биднийг Гиннесийн номд багтаасан. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд амжилт тогтоодог юм. Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага.

 

Бүгд хувийн сууцтай: Монгол айл өрхүүд бараг 100 хувь хувийн сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмч гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг боловч нэг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах нь лавтай.

 

Монгол орны голомт буюу төв цэг: Айл гэрийн голомт тулсан тулга гэрийнхээ нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн голомт буюу төв цэг хаана байдаг вэ. Монгол орны газар зүйн төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сум Сант уулын зүүн урд булгийн эхэнд оршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд, өдгөө суварга бүхий цогцолбор барьжээ.

 

Монгол орны хамгийн өндөр цэг: 4374 м өргөгдсөн Алтай таван богдын Найрамдал оргил юм.

 

Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км талбай эзэлдэг юм байна.

 

Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.

 

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд оршдог. Энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг байна.

 

Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн гол юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

 

Монгол орны хамгийн том мөрөн: Байгаль нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг. Уг мөрний ус цуглуулах талбай нь 447000 км аж.

 

Монгол орны гол мөрний нийт урт: 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

 

Монгол орны хамгийн том тогтмол нуур: Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км.

 

Монгол орны хамгийн том урсгал нуур: Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км. Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн /267.2 м/ нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгаль нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км юм байна.

 

Монгол орны усны хагалбарын гол голомт:  Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд нийлнэ. Харин зүүн урдаас буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих