Германд “троллейбус” маягийн ачааны машинд зориулсан анхны хурдны зам нээгджээ

Ачааны машин нь дизель түлш шатааснаар агаар бохирдуулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг. Тиймээс Германы засгийн газар хувийн компанитай хамтран ачааны машинуудын хор хөнөөлийг бууруулах шийдэл боловсруулжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт тус улс “гибрид” хөдөлгүүртэй ачааны машинд зориулсан анхны 10 км урт хурдны замыг нээсэн байна.

Сиеменс компанийн хөгжүүлсэн eHighway систем нь “гибрид” хөдөлгүүртэй ачааны машинуудад зориулагдсан юм. Дээрээ тусгай тоноглолтой ачааны машинууд зам дээгүүр байрлуулсан цахилгааны шугамтай холбогдсоноор цахилгаан хөдөлгүүрээр цагт 90 км хурдтай явж чадна.

Харин ийм замаас гармагцаа “гибрид” горимд шилжиж дизель хөдөлгүүрээр явах юм. Цахилгаан шугамтай замд орж ирснийг машины мэдрэгч таниад автоматаар залгагддаг.

Франкфуртээс ойролцоох аж үйлдвэрийн парк хүртлэх хурдны зам eHighway системээр тоноглогдсон анхны зам болж байна. Удахгүй бусад чиглэлийн хурдны замуудыг ч ингэж тоноглох гэнэ.

Германы засгийн газар цахилгаан хурдны замд ажиллах ачааны машиныг зохион бүтээхэд 70 сая евро зарцуулжээ. Сиеменс компанийн тооцоолсноор ийм замаар ачаа тээвэрлэсэн жолооч нар 100,000 км тутамд 20,000 евро хэмнэхээр байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих