Америк-Хятадын худалдааны зөрчил маргааны гол баатар нь мэдээллийн технологийн Хуавэй компани болоод байна.
Пакистанд суугаа Хятадын элчин сайд Лижян Зао АНУ-ын ерөнхийлөгчийн Хуавэй компанийн эсрэг тавьсан хоригийг шүүмжлэх зорилгоор нэгэн хошигнол твиттер хуудсандаа нийтэлсэн юм.
Гэвч Хятадын дипломатчийн уг жиргээ Apple-ийн бүтээгдэхүүн iPhone-оос бичигдсэнийг хүмүүс илрүүлжээ. TweetDeck программ Лижян Заогийн жиргээг “Twitter for iPhone” буюу iPhone-ий Твиттер аппликэйшнээс бичсэн болохыг харуулсан байна.
~Хуавэйн удирдлагууд өөрсдөө “IPhone” ашигладаг гэв үү…~
Ер нь Хуавэй компанийн ажилтнууд iPhone хэрэглэдэг нь батлагдсан хэд хэдэн тохиолдол бий.
Хуавэй компанийн маркетингийн ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сард хэрэглэгчдэдээ шинэ жилийн мэндчилгээг твиттер сүлжээгээр илгээхдээ iPhone ашигласан нь илэрч байсан юм.
Одоо Канадад гэрийн хорионд байгаа Хуавэй компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Мэн Ванжоу анх саатуулагдахдаа Apple-ийн хэд хэдэн төхөөрөмж биедээ авч явсан нь илэрч байв. Энэ долоо хоногт Хуавэй компанийн ерөнхийлөгч Рэн Жэнфэй хэвлэлд ярихдаа өөрийгөө Apple-ийн бүтээгдэхүүнд дуртай, гадаадад аялахдаа гэрийнхэндээ iPhone авч ирдэг тухай ярьсан юм.