Хятадын бүс замын хөгжилд анхаарлаа хандуулсаар байна

Дэлхийн 40 орчим удирдагчдыг цуглуулсан “Бүс ба Зам” форумын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шүүмжлэл дагуулаад байгаа санаачилгын нэр хүндийг сэргээхэд анхаарлаа хандуулж байна.

Одоогийн байдлаар хөтөлбөрт нэгдсэн долоон улс шүүмжлэлд өртөж, төслөө цуцлах хүртэл арга хэмжээ аваад байгаа аж. Иймд хөтөлбөрийн хяналтыг сайжруулахаар зарим арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ сарын эхээр БНХАУ Малайзтай 10.7 тэрбум ам.долларын Зүүн эргийн төмөр замын сүлжээ байгуулах төсөлд гарын үсэг зуржээ.

“Бүс ба Зам” төсөлд зориулж БНХАУ-ын банкнууд 440 тэрбум ам.долларын зээл олгоод байна гэж тус улсын Төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ. Тэрбээр “Хувийн хэвшлийн санхүүжилт “Бүс ба Зам”-ын чухал хэсэг байх шаардлагатай” гэж онцолсон юм. Түүнчлэн БНХАУ-ын Төв банкны зүгээс илүү нээлттэй, зах зээлд суурилсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын систем бий болгохоо мэдэгджээ.

2013-2018 онд БНХАУ-ын компаниуд “Бүс ба Зам”-ын гишүүн орнуудад 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. БНХАУ болон гишүүн орнууд хоорондын нийт худалдаа зургаан их наяд ам.доллар хүрчээ. Энэ нь жилийн дүнгээр дөрвөн хувиар өссөн дүн юм.

Энэ долоо хоногт болж буй “Бүс ба Зам” санаачилгын хоёр дахь удаагийн форумд Австри, Португали, Сингапур, Тайланд зэрэг найман улсын Төр, Засгийн тэргүүн нэмэгдэн оролцож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих